Pages

Wednesday, May 7, 2014

НАЙМ ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020″ ТЭМЦЭЭН ДЭВШИЛ БАЙВ УУ, УХРАЛТ БОЛОВ УУ?

IMG_9759
Д.НАНЖИД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний тухай дуулаагүй спорт сонирхогч, тэр дундаа хөлбөмбөгийн хорхойтон цөөн биз ээ. “Их талын дуулиан” ТББ-аас зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг хэн ч үгүйсгэж чадахгүй байх. “Дуулиан-2020” тэмцээн 2006-2007 оны улирлаас гараагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оныг хүртэл долоон удаа зохион байгуулагдсан. Найм дахь удаагийн тэмцээн 2013-2014 оны улиралд зөвхөн нийслэлийн бус Монгол Улсын хэмжээнд дөрвөн үе шаттай болов. Тэмцээн нэгдүгээрт сургууль, сум, хоёрдугаарт дүүрэг, аймаг, гуравдугаарт нийслэл, бүсийн хэмжээнд болж, үүнээс шалгарсан багууд гуравдугаар сарын 9-16-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнд хүч үзлээ. Энэхүү оршилыг уншсан хэн бүхэнд тэмцээн маш амжилттайгаар зохион байгуулагдсан мэт санагдах байх. Харамсалтай нь бодит байдал тийм байж чадсангүй. Ер нь “Дуулиан-2020” тэмцээний нэр хүнд, чанар чансаа, зохион байгуулалт зэрэг нь оролцогч баг тамирчид, үзэгч, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хүрэхээ болиод хэдэн жилийн нүүр үзэж байна.
ДҮҮРЭГ, НИЙСЛЭЛИЙН ТЭМЦЭЭН АЯТАЙХАН БОЛСОН!
“Дуулиан-2020”-ийг санаачлагчдын нэг, голлон зохион байгуулагч Д.Тэрбаатар МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр жил хагас орчим ажиллаад жилийн өмнө ажлаа өгч, өөрийн бий болгосон тэмцээндээ эргэн ирсэн билээ. Д.Тэрбаатар дарга өөрийг нь эзгүйд болсон хоёроос гурван тэмцээний зохион байгуулалт, олсон орлогод сэтгэл дундуур байснаа хэнээс ч нуугаагүй. Тиймээс 2013-2014 оны улирлын “Дуулиан-2020” тэмцээний бэлтгэл ажлыг эртнээс хангаж, арай өөр түвшинд хийхийг зорьсон юм. МХБХ-ноос 2014-2015 оны улирлаас эхлэн футзалын “Шидэт бөмбөг” тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь ч мань эрд ташуур өгсөн нь гарцаагүй.
Энэ жилийн тэмцээнд дэвшилттэй зүйлс байсан уу гэвэл байсаан. Дасгалжуулагч нарын өмнөх жилүүдэд техникийн зөвлөлгөөн дээр хэлээд хэлээд бардаггүй байсан олон саналыг нааштайгаар хүлээн авсан. Хамгийн түрүүнд 11, 13 хүртэлх насны ангилалд нэг сургуулиас хоёр баг оролцохыг зөвшөөрсөн. Басхүү “Мөнхийн сэдэв” болоод байсан тоглолтын хугацааг сунгаж, хөвгүүдийн 11 хүртэлх насныхан талдаа 12 минутаар, 13, 15 хүртэлх насныхан 15 минутаар, 17, 20 хүртэлх насныхан 20 минутаар тус бүр цэвэр цагаар тоглох болсон нь тун аятайхан шийдвэр байлаа. Мэдээж охид арай бага гэхдээ цэвэр цагаар тоглох болсныг ойлгож болохоор. “Их талын дуулиан” ТББ-аас дүүргүүдийн БТСХ-той хамтран дүүргийн аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнийг зохион байгуулж, эхний дөрвөн байрт орсон багт Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон. Дүүрэг, нийслэлийн тэмцээний дундуур солилцооны цонх нээж, багуудад бүрэлдэхүүнээ сэлбэх боломжийг гаргаж өгсөн гээд авууштай зүйлс байсан. Хасагдах системээр болдог Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний сугалааг хийхдээ нэг дүүргээс гарсан багуудыг хагас шигшээгээс наана таарахгүйгээр, басхүү дүүргийн тэмцээндээ алт, мөнгөн медаль хүртсэн багуудыг тэгшитгэх тоглолтод оролцуулахгүйгээр зохицуулсан зэрэг нь шинэлэг санаачлага байв. Энэ их ажлыг цаана алдаа дутагдал цөөнгүй байсан ч үүнийг дурдаад яах вэ. 2013-2014 оны улирлын “Дуулиан-2020” тэмцээн арваннэгдүгээр сарын 8-нд гараагаа эхэлж, дүүргүүдийн тэмцээн хоёр оны зааг дээр өндөрлөж, нийслэлийн тэмцээний аваргууд гуравдугаар сарын 7-нд “Буянт-Ухаа” спортын ордонд тодорсон билээ. Ивээн тэтгэгч, багш дасгалжуулагч, тамирчин, үзэгчид Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнд ам сайтай байв. Харин Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээн үнэндээ тийм байж чадсангүй.

ХӨЛБӨМБӨГӨӨ НЭГДҮГЭЭРТ ТАВИАСАЙ!
“Их талын дуулиан” ТББ-аас Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнийг гуравдугаар сарын 10-16-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох товыг сарын өмнө зарлаад байлаа. Харин техникийн зөвлөлгөөн, сугалааны үйл ажиллагаа хэзээ болох нь тодорхойгүй байж, хэдэн багийн дасгалжуулагч нар маргааш нь болохыг нийслэлийн тэмцээний аваргууд тодорсон гуравдугаар сарын 7-нд мэдсэн юм. Өөрөөр хэлбэл улсын тэмцээнд оролцох эрхээ авсан ч нийслэлийн тэмцээний шигшээ тоглолтод үлдэж чадаагүй сургуулийн дасгалжуулагч нар техникийн зөвлөлгөөн хэзээ болохыг мэдсэнгүй, зарим нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон сугалааны үйл ажиллагаандаа ирсэнгүй.
Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээн жаахан тиймхэн болох нь техникийн зөвлөлгөөнөөс л мэдрэгдсэн. Зохион байгуулагчид хуралдаад хэд хэдэн шийдвэр гаргаснаа энэ үеэр дасгалжуулагч нарт мэдээлсэн. Заалны нөхцөл боломжийн улмаас тэмцээн 10-ны даваа гаригт биш нэг өдрийн наана эхлэх болсныг, тэмцээн хөвгүүдийн 11, 13, 15, 17, 20, охидын 11, 13, 15, 17, 20 хүртэлх гэсэн 10 насны ангилалд зохион байгуулагдаж буй тул “Буянт-Ухаа” ордны заалыг “А”, “В”, “С” гэсэн бүст хувааж, нэгэн зэрэг гурван талбайд гурван тоглолт зэрэг болох болсныг ойлгож болохоор. Харин футзал буюу заалны хөлбөмбөгийн тэмцээний үндсэн зарчмыг зөрчиж, тоглолтыг цэвэр биш бохир цагаар, тэгэхдээ маш бага хугацаагаар явуулах болсныг нь олон дасгалжуулагч эсэргүүцсэн ч тусыг олоогүй. Хөвгүүдийн 11, 13 хүртэлх насныхан талдаа бохир цагаар 10-хан минутаар, 15, 17 хүртэлх насныхан талдаа бохир цагаар 15-хан минутаар (Хоёрдугаар үеийн сүүлчийн хоёр минут цэвэр цагаар гэж байгаа), охидын зарим насны тоглолт бүр наймхан минутаар үргэлжлэх болсон юм. Зохион байгуулагчид хуралдаад ингэж шийдсэн юм билээ. Уг нь иймэрхүү чухал шийдвэр гаргахдаа тэмцээнд оролцож буй багийн дасгалжуулагч, менежер, тоглогчдын төлөөллийг байлцуулж, тэдний санал бодлыг тусгаж баймаарсан. Харин “Их талын дуулиан” ТББ-ынхан ингэсэнгүй, өөрсдийн зохиосон шийдвэр гээч зүйлээ зүгээр л тулгачихсан нь маш харамсалтай. Өөрөөр хэлбэл тэд хөлбөмбөгөө эн тэргүүнд тавьж, чанартай тэмцээн зохион байгуулахаа урьтал болгосонгүй, халтуурдаж, улсын чанартай том тэмцээн хийсэн гэсэн нэр зүүхийн төлөө хамаг анхаарлаа хандуулсан нь хэнд ч ойлгомжтой байлаа.
Хөлбөмбөг бол багийн спорт, “Дуулиан-2020” бол олон сараар үргэлжилдэг тэмцээн. Нэг хоёр өдөр болоод дуусдаг, ганц долоо хоног үргэлжилдэг тэмцээн Монголын хөлбөмбөгт хөгжил авчрах нь юу л бол. Бидний үзэх дуртай гадны лигүүд олон сар жилээр үргэлжилж, баг, клубүүд нь энэ урт замыг нөөц бололцоо, хүчирхэг бүрэлдэхүүн, зөв хуваарилалтаар давж гардаг. Тоглогч гэмтэж болно, торгуулийн улмаас тэмцээнд оролцох эрхээ хасуулж болно. Юу ч тохиолдож болно. Гэхдээ баг нь энэ бүгдийг нөхдөг, иймэрхүү асуудлыг даваад гарах нөөц бололцоотой байх ёстой. “Дуулиан-2020” намар-хавар улиралтай, манайдаа хамгийн урт хугацаанд үргэлжилдэг тэмцээний хувьд ийм бодлого агуулж байх ёстойсон. Гэтэл урьд өмнөх тэмцээнүүдийн тоглолтын хугацаа нь маш бага байж, энэ нь хангалттай нөөц бололцоогүй багт маш том боломж олгосон. Үндсэндээ 2006-2013 онд олгогдсон нийт медалийн дийлэнхийг нь тулсан таван тоглогчтой баг (Ганц хоёр л сэлгээний тоглогчтой. Гэхдээ тэд нь банзнаас босох нь өдрийн од мэт ховор) хүртсэн билээ. Тоглолт талдаа 10-хан минутаар үргэлжлэх үед олон жигд тоглогчтэй байгаад яах юм бэ. Тоглолт дөнгөж эхлээд, тамирчид дөнгөж халж эхэлж байтал эхний үеийн цаг дуусчихдаг. За тэгээд удаах ихэнх тоглогчоо ашиглаж амжаагүй байхад шүүгч тоглолтын сүүлчийн шүглийг үлээдэг. Эцэст нь нөгөө л нэг таван тоглогчтой баг хүссэн үр дүнгээ авч, олон жигд тоглогчтой баг үүнийхээ хэргийг гаргаж чаддаггүй. Энэ бол Монголын футзалын өнөөгийн байдал. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх юм бэ. Өдгөө футзал олон улсад ямар өндөр түвшинд хөгжсөнийг бид мэднэ. Тэмцээн цэвэр цагаар, хангалттай хугацаанд үргэлжилдэг. Дасгалжуулагч нар нийт баг бүрэлдэхүүнээ бүрэн дүүрэн ашигладаг, хэн ингэж чадсан нь ялалтад хүрдэг. Солилцоо хийхдээ ч гэсэн ганц нэгээр нь гэхээсээ дөрөвтөөр нь солих нь түгээмэл. Харин Монголд энэ жишгээр ажиллах гэж хичээж буй цөөн хэдэн клуб, баг хохирох хандлага сүүлчийн жилүүдэд ажиглагдах боллоо. Олон улсын жишгийг тэр чигээр нь Монголын хөрсөнд буулгана гэдэг амаргүй. Тийм нөхцөл байдал бүрдээгүй байгаа. Гэхдээ болохыг нь болгох гээд л явмаарсан даа.
Улсын тэмцээний нэг насны ангилалд нийслэлээс найм, орон нутгаас найм, нийт 16 баг хүч үзэх эрхтэй байсан. Харамсалтай нь энэ нь чанарт бус тоонд анхаарсан үйлдэл байлаа. Хэрвээ тоонд бус чанарт анхаарсансан бол оролцох багийн тоог цөөлж, тэмцээн шиг тэмцээн хийж болох байв. Тоондоо анхаарсан ч гэсэн нэгэн зэрэг гурван тоглолт болж буй үед тэмцээнээ тогтсон хугацаандаа амжилттай зохион байгуулах боломж байсан болов уу. Миний анзаарснаар охидын 11 хүртэлх насны ангилалд 41, 71 дүгээр сургууль, 13 хүртэлх насны ангилалд 92 дугаар сургуулийн хоёрдугаар баг, 71 дүгээр сургууль, хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд Хэнтий аймаг, Багануур дүүрэг, 17 хүртэлх насны ангилалд Хэнтий аймгийн шигшээ баг тоглоогүй. Зарим баг нь тэмцээнд оролцохоо илэрхийлээгүй, төлөөлөгчөө техникийн зөвлөлгөөнд ч ирүүлээгүй байхад сугалаанд хүчээр оруулсан бол орон нутгийнхан тэмцээнийг 10-нд эхэлнэ гэсэн мэдээлэлтэй байсан тул хоцорсон байх. Нэг баг нь ирээгүй тул тоглолт болоогүй, хайран цаг хий дэмий өнгөрсөн. Тэдэнтэй тоглох гээд “Буянт-Ухаа” ордонд очсон ч тоглолгүй буцсан баг нэг харамсалтай, дэмий урссан цаг хугацаа бүхнийг оруулаад цэвэр цагаар тоглож болох байсан ч ингэж чадаагүй бусад баг бүр харамсалтай.
“Тэмцээний хуваарь” гэснээс энд нэг зүйлийг дурдалгүй өнгөрч яавч болохгүй. Техникийн зөвлөлгөөн гуравдугаар сарын 8-нд болж, тоглолтын хуваарь орой 20:00 цагт цахим хуудсанд гарч, тэмцээн маргааш өглөө нь эхлэх байлаа. Тэмцээнийг 10-нд эхэлнэ гэж ойлгож байсан дасгалжуулагч нар хүүхдүүдтэйгээ яаран сандран холбогдож, 20:00 цагаас хойш залгаж, маргаашийнхаа хуваарийг мэдэхийг сануулж байлаа. Үнэндээ бол маргааш өглөө эхлэх тэмцээний хуваарийг өмнөх шөнө нь мэдэж, тэр олон хүүхдэд дуулгана гэдэг амар ажил биш билээ. Зарим сургууль нэг багтай байж болох ч зарим нь дөрөв, таван багтай байсан. Интернэтэд холбогдох боломжгүй багш хэд байгаа билээ, холбогдлоо ч цааш дамжуулъя гэхэд утасгүй, утас байлаа ч холбогдохгүй хүүхэд хэд байгаа билээ. Зохион байгуулагчид үүнийг бодолцох л байсан юм. Хүсэн хүлээсэн 20:00 цагт өнгөрсөн ч хуваарь байдаггүй. Үүнээс хойш хоёр цаг өнгөрсөн ч гараагүй байсан. Хэдэн багш, дасгалжуулагчийн утас хангинаж өгсөн биз. За тэгээд 23:00 цаг болж, радиогоор Монгол Улсын төрийн дуулал явсан ч “Монгол Улсын” гэх тодотголтой “Дуулиан-2020” тэмцээний хуваарь таг чиг хэвээр. Тэмцээнийг зохион байгуулагчдын хэнийх нь ч утас холбогдохгүй байсан. 00:00 цаг дөхлөө. Маргааш нь тэмцээн эхэлнэ гэж байгаа ч хэдэн цагаас тоглох нь тодорхойгүй хэвээр. Ямар ч мэдээлэлгүйгээр “Буянт-Ухаа” ордонд өглөө очихоос өөр сонголт үгүй мэт. Өглөө эрт яваад очсон ч тоглолтгүй байж таарах, эсвэл тоглолт нь өчнөөн олон цагийн дараа байвал хэцүү. Хуваарь гараагүй гээд тэмцээндээ очихгүй бол зохион байгуулагчдын зүгээс “Тэмцээндээ ирээгүй” гээд хасчихвал бүр хэцүү. Хуваарь хар шөнө гарлаа ч гэсэн үүнийг бусдадаа дуулгах амаргүй, аав ээжийнхээ өвөрт унтаж буй жаахан хүүхдүүдэд хэлэх бүр ярвигтай. Энэ үед зарим нэг баг цахим хуудсаар дамжуулж, “Их талын дуулиан” ТББ-д хандаж, хуваарь нь тодорхойгүй байгаа гуравдугаар сарын 9-ний өдөр тоглох боломжгүйгээ илэрхийлсэн ч зохион байгуулагчид нь үүнийг хүлээж авахгүйгээ өглөө нь мэдэгдсэн билээ. Ингэж ингэж хуваарь шөнийн 04:50 цагт цахим хуудсанд тавигдаж, үүнийг шөнөжин хүлээгээд цурам хийлгүй хоносон зарим нэг дасгалжуулагч, тоглогч тоглолтын цагаа багийнхандаа үүрээр дуулгасан юм билээ. Хуваарь нь үүрээр гарч, тоглолт нь өглөө эхэлдэг тэмцээн Монголд л байдаг байх даа.
НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРАВ!
Тэмцээний үеэр дасгалжуулагч, баг тамирчдыг шүүгч нар багагүй бухимдуулсан. Ажлаа хариуцлагатай сайн хийсэн цөөн хэдэн шүүгч бий ч дийлэнх нь хангалтгүй ажилласан. Ялангуяа хөлбөмбөгөө сайн мэдэх болов уу гэмээр ажиглагдах хэдэн оюутан баллаж орхилоо. Футзаланд бөмбөгийн хажуугийн шугамнаас тоглолтод оруулахдаа дөрвөөс ихгүй секунд зарцуулах ёстой. Гэтэл зургаан секунд өнгөрчихөөд байхад бөмбөгийг нь хураахгүй байх тохиолдол ажиглагдаад л байсан. 13 хүртэлх насны ангиллын нэгэн баг ашигтай довтолгоо зохион байгуулж, бөмбөг хажуугийн зураасны ойролцоо очиход шүгэл тасхийх нь тэр. Бөмбөг гараагүй баймаарсан. Талбай дээр байсан хүн бүр гайхахад шүүгч “Би буруу харчихжээ. Уучлаарай. Үргэлжлүүлж тогло” гэх юм. Хамаг боломж, гоолын момент өнгөрчихсөн хойно шүү дээ. Энэхүү үйлдлээс болж тэрхүү баг тэмцээнээ харамсалтайгаар орхисон. Нэг шүүгчийн хариуцлагагүй үлдлээс болж бүхэл бүтэн нэг баг наанадаж нэг жилийн, цаанадаж хөлбөмбөгтэй холбогдож эхэлснээс хойших хугацааны хөдөлмөрөө салхинд хийсгэчихэж байгаа юм. Талбай дээр болсон үйлдлийг энэ мэтчилэн ярьвал цаг, цаас хүрэлцэхгүй.
15 хүртэлх насны ангиллын нэгэн багийн тоглолт 15:15 цагаас эхлэх байлаа. Өмнөх тоглолт нь 25 минутын өмнө өндөрлөж, талбай чөлөөтэй болоодохов. Гэтэл шүүгч нарын тоглолтыг эхлүүлэх дохио өгөх нь тэр. Дасгалжуулагч нь явж очоод тоглолт эхлэх цаг болоогүйг байгааг сануулж, зарим тоглогч нь хувцсаа сольж амжаагүйг учирласан ч үүнийг хүлээж авахыг хүссэнгүй. Үл ойлголцох байдал үүсч, ерөнхий шүүгч хүрэлцэн ирж байж асуудал нэг юм зөвөөр шийдэгдэж, тоглолт товлосон цагтаа эхлэх болсон. Харин талбайн шүүгч “П” үсгээр эхэлсэн хараал хэлсээр хоцорсон доо. Шүүгч тоглолтыг хүссэн цагтаа эхлүүлдэг юм бол хуваарь гэж юм гаргах хэрэг байна уу. Нөгөө багийнхан тоглолт эхлэх цаг болтлоо талбай дээр бие халаалт хийж байсан ч өөр нэг шүүгч ирээд бөмбөгийг нь хурааж дөвчигнөв. Дасгалжуулагч нь түүнтэй бөөн хэрүүл хийж байж нэг юм халаалт хийх эрх олж авч билээ. Одоо илүү тодорхой нэг зүйл өгүүлээд шүүгчийн тухай сэдвээ хаая. 15 хүртэлх насны ангиллын “А” хэсэгт багтсан Орхон, Өвөрхангай аймгийн шигшээ баг адилхан зургаан оноо авч, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон билээ. Хэсгийн тоглолтод Орхон нь 4:1-ээр хожсон ч, Өвөрхангай нь бөмбөгний зөрүүгээр илүү байлаа. Энэ тохиолдолд хоорондын тоглолтыг дүнг түрүүлж авч үздэг ганц л дүрэм өдгөө энэ бөмбөрцөг дээр хэрэгжиж байгаа. Гэтэл үүнийг мэдэхгүй шүүгч Өвөрхангай аймгийн шигшээ багийг олон гоол хийсэн гэдгээр нь нэгдүгээр байраар шалгаруулж, шөвгийн наймд “В” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан 28 дугаар сургуультай тааруулсан. Энэ хоёр баг хасагдах шатны тэмцээн эхэлдэг өдөр бие халаалтаа хийгээд яг тоглох гэж байтал ашгүй ерөнхий шүүгч алдаа дутагдлыг нь залруулах шиг болно билээ. Хоорондын тоглолтод илүүрхсэн Орхон аймгийн шигшээ багийг нэгдүгээр байраар шалгаруулж, 28 дугаар сургуулийн багтай тоглуулсан юм. Товчхондоо бол Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээний шүүгч нар үнэхээр гайхалтай муу байж чадлаа.
Тоглолтууд бохир цагаар болсон нь тэмцээнийг алж орхисон. Зарим сургуулийн баг бохир цагаар 20-хон минут тоглохын тулд хотын хойд болон зүүн захаас “Буянт-Ухаа” руу ирж байлаа. Бүр арга ядах нь бага хугацаагаар бохир цагаар тоглуулчихаж болох л байсан. Хэд хэдэн дасгалжуулагч үүнийг санал болгосон ч үүнийг нь шийдвэр гаргах гол хүн юман чинээ тоогоогүй юм даа. Бохир цагаар үргэлжилдэг футзалын тэмцээн гэж юу байдаг юм бэ. Ордонд очсон хүмүүс футзалын ширүүн өрсөлдөөн үзэхийг хүссэн болохоос хожиж яваа баг нь цаг барьж, хугацаа идэхийг харахыг хүсээгүй. Хошуучилж яваа багийн хаалгач баашлан газар хэвтэхэд цаг явсаар л байсан. Эмчийн тусламж авахад ч цаг нь урссаар л. Нэг тоглогч бөмбөгийн үзэгчийн суудал, хаа нэг булан руу цөлж, түүнийг авчрах гэсээр байтал минутын хугацаа өнгөрчихөж байгаа юм. Футзал уг нь тун ч барьцгүй спорт юмсан. Хоёр гурван гоолыг минутын дотор ч хийж болно. Цаг нь цэврээр явдаг болохоор хоёр гоол алдлаа ч энэ нь том асуудал биш. Харин “Монгол Улсын” гэх тодотголтой “Дуулиан-2020” тэмцээнийг зохион байгуулагчид биеийн амрыг харж, футзалын дүрмийг ноцтой өөрчилж, баг тамирчдын биш өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн нь харамсалтай. Хэрвээ үнэхээр бохир цагаар үргэлжилж буй бол шүүгчийн мэдлийн цаг гэж байх ёстой биз дээ. Талбайн хөлбөмбөг талдаа 45 минутаар үргэлжилдэг. Энэ хугацаанд тоглолт саатаж болно. Харин дөрөв дэх шүүгч үеийн төгсгөлд самбар өргөж, саатсан минутыг нөхөж тоглуулдаг биз дээ. “Хүчит Чулуут” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн 17 хүртэлх насын баг тамирчид энэхүү шаардлагыг “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүнд удаа дараа тавьсан боловч хүлээж авсангүй. Харин ч Д.Тэрбаатар дарга үүнд эгдүүцсэн бололтой, 17 хүртэлх насны ангиллын шилдэг хаалгач, довтлогч, тоглогчийн шагналыг алийг нь ч 24 дүгээр сургуулийн багт олгоогүй. Мөнгөн медаль хүртсэн багаас шилдэг тодрохгүй байна гэдэг үнэхээр шог хэрэг шүү. 24 дүгээр сургуулийн тоглогчид хүзүүнд зүүж өгсөн мөнгөн медалийг тэр дор нь тайлан авч байсан нь дээрх үйлдлийг эсэргүүцсэн хэлбэр байлаа. Зарим нэг хүнд энэ нь соёлгүй мэт санагдсан байж болох ч ДАШТ, “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын дараа ч ийм зүйл болдог гэдгийг санахад илүүдэхгүй.
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШУДАРГААР ТОДРУУЛЖ БАЙГААСАЙ
“Дуулиан-2020” тэмцээн бий болсон цагаасаа шилдэг дасгалжуулагчийг тодруулсаар ирсэн. Энэхүү шагналын эзнээр тодрох нь дасгалжуулагч бүрийн хувьд нэр төрийн хэрэг билээ. Анхдугаар тэмцээн 2006-2007 оны улиралд хөвгүүдийн бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалд болж, тавдугаар сургуулийн баг тамирчид бүгдэд нь түрүүлж байлаа. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар гурван алтан медаль хүртсэн Б.Чин-Оргил зүй ёсоор тодорч, “Би чадсан шүү” хэмээн өөртөө хэлэх мэт гараа чанга атгаж байсан нь олон хүний сэтгэлд үлджээ. Шилдэг дасгалжуулагчийн шагнал түүнээс хойш долоон удаа олгогдсон ч нүдээ олсон гэхээсээ олоогүй нь их. Уг нь энэ шагналыг тэрхүү улиралд баг тамирчдаа удирдан зохион байгуулж, өндөр амжилт гаргасан дасгалжуулагч хүртэх учиртайсан. Харин “Их талын дуулиан” ТББ энэ үзүүлэлтийг урьтал болголгүйгээр хэн нэгний урьд өмнө нь байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэх, зохион байгуулагчид нь өөрийн багш дасгалжуулагчаа харж үзэх мэтээр хандсаар ирлээ.
Найм дахь удаагийн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Н.Баттулга тодорч, Бразилд болох үйл ажиллагаанд оролцох эрхтэй болов. Тулгаа багш манай улсын шилдэг клубийн нэг “Хараацай”-г 1999 онд үүсгэн байгуулж, энэ хугацаанд Монголын хөлбөмбөгт маш олон шилдэг хөлбөмбөгчийг төрүүлэн гаргасан гавьяатан билээ. Үүний бичигч миний бие энэхүү шилдэг дасгалжуулагчаар хөлбөмбөгийн эрдмийг заалгаж байснаараа бахархаж, багшийгаа үргэлж хүндэтгэж явдаг. Өдгөө үндэсний лигийн “ФС Улаанбаатар” клубийг удирдаж буй Н.Баттулга дасгалжуулагч Монголын хөлбөмбөгт хийсэн юмтай, хэлэх үгтэй эрхэм. Гэхдээ л би багшийгаа “Дуулиан-2020” тэмцээний 2013-2014 ны улирлын шилдэг дасгалжуулагч болсонтой санал нийлж чадахгүй байна.
Юм шударга байх сайхан. Н.Баттулга, Э.Шинэбаяр, Игорь Ловцов дасгалжуулагчтай “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 11, 15 хүртэлх насны баг тамирчид нийслэлийн тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн долоо хоногт болсон улсын тэмцээнд яг энэ амжилтаа давтаж, дахин хос хүрэл медальтай болсон. Энэ бол том амжилт. Гэхдээ хөлбөмбөгийн спортын мастер Ц.Ганболдын удирдсан 92 дугаар сургуулийн баг тамирчид илүү өндөр амжилт гаргаад байлаа. Тус сургуулийнхан нийслэлийн тэмцээнд амжилттай хүч үзэж, хөвгүүдийн 17 хүртэлх насны баг нь мөнгө, охидын 15 хүртэлх насны баг нь алт, 13, 17 хүртэлх насны баг нь хүрэл медаль хүртсэн. Шавь нар нь Ц.Ганболд дасгалжуулагчийг улсын тэмцээнд ч баярлуулж, хөвгүүд, охид нь тус бүр нэг алтан медаль хүртсээр 92 дугаар сургуулийн баг энэ улирлын хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Гэсэн ч шилдэг дасгалжуулагчийг зарлахдаа ахмад мастерийн нэрийг дуудсангүй … Ний нуугүй бичихэд Ц.Ганболд дасгалжуулагчийн хувьд “Дуулиан-2020” тэмцээний шилдэг дасгалжуулагчаар тодрох ганц боломж нь энэ байсан байх. Түүний хувьд хамгийн гол баг нь 1997-1998 онд төрсөн хөвгүүд нь буюу сая нийслэл, улсын тэмцээнээс мөнгө, алтан медаль хүртсэн баг нь байлаа. Энэ баг нь “Дуулиан-2020” тэмцээний хүчтэй өрсөлдөгчөөр олон жил нэрлэгдсэн ч азгүй байдлаар медалиас мултарсар ирсэн. Ц.Ганболд дасгалжуулагчийн бэлтгэсэн охид “Дуулиан-2020” тэмцээнд хэдэнтээ түрүүлсэн. Гэхдээ оролцогчдынх нь тоо, чанар, өрсөлдөөнийг авч үзвэл хөвгүүдийн тэмцээн хамаагүй нэр хүндтэй байдаг. Харин хөвгүүд нь энэ удаа олон жилийн азгүйтэлдээ цэг хатгаж, охид нь урьдын адил сайхан амжилт үзүүлсэн юмсан. Гэтэл зохих амжилтыг нь үнэлсэнгүй. 92 дугаар сургуулийн 17 хүртэлх насны шилдэг багийн ихэнх гол тоглогч нь энэ хавар дунд сургуулиа төгсөж, ганц Г.Цолмонбаатар үлдэнэ. Дахиад ганц жил тоглох ч энэ жилийнх шиг нь сайн хамтрагчид байхгүй. Ц.Ганболд дасгалжуулагчид 11, 13, 15 хүртэлх насны хөвгүүдийн баг байгаа ч тэд энэ жилийн 17 хүртэлх насны багийнх нь зэрэгт хүрэх нь юу л бол.
Уг нь Н.Баттулга багш “Дуулиан-2020” тэмцээний шилдэг дасгалжуулагчийн болзлыг 2009-2010 оны улиралд биелүүлсэн хүн. Дөрвөн жилийн өмнө хөвгүүдийн хоёр насны баг нь шигшээ тоглолтод шалгарч, Ц.Дарамбаяр, М.Батгүнтэй 17 хүртэлх насныхан нь алт, Б.Дашнямтай 13 хүртэлх насных нь мөнгөн медаль хүртсэн. Харин “Дуулиан-2020” тэмцээнийг зохион байгуулагчид багшид маань очих байсан шагналыг нэгэн буурал дасгалжуулагчид олгож билээ. Би иймэрхүү зүйл биччихээд багшийнхаа нүүрийг яаж харна хэмээн санаа зовж суулаа. Харин “Хөлбөмбөг шударга байх ёстой” гэж үргэлж захидаг Н.Баттулга багш маань “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөснөөс хоёр хоногийн дараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Энэ миний хүсээгүй шагнал байсан ч хөлбөмбөгийн төлөө олон жил хүчин зүтгэсэн хөдөлмөрийн минь үр дүн байх. Яагаад намайг сонгосныг би өөрөө ч мэдэхгүй. Ц.Ганболд багшийг сонгосон бол илүү зөв байх байлаа, тийм үү” хэмээн бичсэнийг уншаад урам зориг орох шиг болов.
СЭЛЭНГИЙН ХҮҮ ШИЛДГИЙН ШИЛДЭГ!
“Дуулиан-2020” тэмцээний бас нэгэн гол шагнал бол шилдгийн шилдэг тоглогч юм. Энэ шагнал харин ч нүдээ олсоор ирснийг олон хүн батална. Өдгөө Тайландын “Краби” клубт алба хашиж буй, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч Алтанхуягийн Мөрөн тавдугаар сургуулийн 11 дүгээр ангидаа суралцаж байхдаа анхдугаар буюу 2006-2007 оны улирлын шилдэг тоглогчоор тодорсноор энэхүү гайхалтай цуврал эхэлсэн. 2008 онд Даваасүрэнгийн Батцэнгэл (Нэгдүгээр сургууль), 2009 онд Алтанзулын Улсболд (Хоёрдугаар сургууль), 2010 онд Алтансүхийн Тэмүүжин (10 дугаар сургууль), 2011 онд Амарсанаагийн Мөнх-Оргил (24 дүгээр сургууль), 2012 онд Даваасүрэнгийн Хонгорзул (72 дугаар сургууль), 2013 онд Батбаатарын Энхжаргал (24 дүгээр сургууль) тодорч, бүхний манлай болж байв. А.Хонгорзул хоёр жилийн өмнө шилдгийн шилдгээр тодорч, охидод ч боломж байгааг харуулангаа түүхэн шинэ хуудас нээсэн. Тэгвэл энэ түүх энэ жил ч баяжлаа. Сэлэнгэ аймгийн 15 хүртэлх насны ангиллын багийн ахлагч Ганболдын Ганбаяр шилдгийн шилдгээр нэрлэгдэж, энэхүү шагналыг хүртсэн хөдөө, орон нутгийн анхны тоглогч болсон юм.
Сэлэнгийн хүүгийн тухай мэддэг жаахан зүйлээ та бүхэнтэй хуваалъя. Тэрбээр 2011 онд 11 настай байхдаа Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, БНХАУ-ын Бээжин хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд оролцсон. Дараа жил нь 12 настайдаа 14 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, мөн л Бээжинг зорьсон. Өнгөрсөн жил 13-тайдаа насныхаа шигшээ багт багтаж, Хонгконгт Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн оролцсон. Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Макауг 7:0-ээр хожиход Г.Ганбаяр таван гоол хийж байлаа. 2011 онд манай улсын нийслэлд “Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар” төсөл хөтөлбөр болж, дөрвөн хүүхэд тэнцсэний нэг нь тэр байв. Тэдгээр жаал намар нь Италийн Милан хотод болсон “Дэлхийн хүүхдийн зуслан”-д хамрагдсан билээ. Хувийн ур чадвар, баруун, зүүн аль ч хөлийн цохилт сайтай Г.Ганбаяр тэмцээнд уралдаанд Сэлэнгэ аймгийнхаа шигшээ баг болон “Хоромхон” клубийн нэрийн өмнөөс тоглодог. МХБХ-ны футзалын УАШТ-ээс 2012, 2013 онд алт, талбайн УАШТ-ээс 2012, 2013 онд хүрэл медаль хүртэж байсан, том, жижиг тэмцээнээс тусгай шагналыг мөн ч олон хамсан даа. Ийм л хүү энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээнд амжилттай тоглож, шилдгийн шилдэг тоглогчоор тодорсон юм. Г.Ганбаяр гэснээс Сэлэнгэ аймгийн 15 хүртэлх насны шигшээ багийн тухай нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Тус аймгийн шигшээ багт Улаанбаатар дахь Америк сургуулийн сурагч тоглож, аварга болсон. Хэрвээ нийслэлийн сургуулиуд багийн бүрэлдэхүүндээ өөр сургуулийн нэг тоглогч авахад тэмцээнээс хасагдахад хүрнэ. Харин орон нутгийнхан аймгийн шигшээгээрээ ороод зогсохгүй нийслэлийн харьяалалтай хүүхэд авч тоглолоо.
ШАГНАЛЫН МӨНГӨӨ БҮТНЭЭР ОЛГООСОЙ
“Дуулиан-2020”-д оролцогч Улаанбаатар хотын сургууль бүрийг бизнесийн ертөнцөд амжилттай яваа компаниуд ивээн тэтгэдэг. Тэмцээнд оролцох эрхийн төлбөр эхний жилүүдэд сая төгрөг байсан бол 2011-2012 оны улирлаас эхлэн 1.5 сая болж нэмэгдсэн. Үүнээс гадна тоглогч бүр мандатны 2000 төгрөг төлдөг. Зохион байгуулагчид хаалтын ажиллагааны үеэр “Энэ улирлын тэмцээнд 20 мянган хүүхэд оролцсон” гэж ярьсныг тооцох юм бол мандатны төлбөрөөс нэлээн их мөнгө орж ирсэн байх учиртай. Уг нь хэдэн жилийн өмнө БСШУЯ (Одоогийн БШУЯ)-наас өсвөр үеийнхний тэмцээн уралдаанд мандатны мөнгө төгрөг хураахыг хориглосон шийдвэр гарч байсан санагдах юм. За тэгээд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад НИТХ-аас хангалттай хэмжээний мөнгө төсөвлөсөн гэж байгаа. “Рио Тинто” компани 2010-2011 оны улирлын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, 100 мянган ам.доллараар ивээн тэтгэж байсан бол энэ улиралд “Хас” банк 50 сая төгрөг төлж, “Алтан түнш”-ээр өргөмжлөгдсөн. Басхүү “Ард” санхүүгийн нэгдэл “Мөнгөн түнш” болсон (40 бил үү 30 сая төгрөг төлж), “Их талын дуулиан” ТББ-ын ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг найм дахь улирлын тэмцээний сугалааны үйл ажиллагааны үеэр 10 сая төгрөг хандивлах болсноо мэдэгдэж байсан. Урт удаан хугацааны тэмцээн зохион байгуулахад заал талбайн түрээс, шүүгчдийн цалин хөлс, медаль, өргөмжлөл хийлгэх, реклам сурталчилгааны зардал гээд багагүй мөнгө зарцуулдаг л байх. Хөлбөмбөгөөр мөнгө босгож чадаж буй нь сайн хэрэг. Олон улсын жишиг ч ийм л байдаг. Гэхдээ бүх зүйл нээлттэй байж, орлого, зарлагаа мэдээлдэг, энэ нь олон нийтэд нээлттэй байвал илүү зүгээрсэн.
Мөнгө санхүүтэй холбоотой зүйл бичсэнийх “Дуулиан-2020” тэмцээнтэй холбоотой “Мөнхийн” гэж хэлж болох нэг асуудлыг дахин хөндөхийг хүслээ. Тэмцээний шагнал урамшуулал өндөр сонсогддог ч яг гар дээр ирэх нь бага. Шагналынх нь багагүй хувьд нь “Дуулиан-2020” тэмцээний логотой аяга таваг, хуанли, тэмдэг, кист болон өмсгөл, бөмбөг зэрэг зүйл ирдэг “уламжлал” тогтоод удсан. Тэрхүү бэлэг дурсгалыг нь тооцож үзэхээр үнийнхээ талд нь ч хүрдэггүй. Үүнд гомдолтой хүн олон байдаг. Хоёр жилийн өмнө хөвгүүдийн түрүүлсэн багийн дасгалжуулагч “1.5 сая төгрөг авна” гээд зогсч байсан ч 450 мянган төгрөг нь бэлэн бусаар ирснийг сайн санаж байна. Өндөрлөөд удаагүй байгаа Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн багийн дасгалжуулагч нар 800, 500, 300 мянган төгрөгийн шагнал авсан баримт дээр гарын үсэг зурсан. Гэхдээ яг гар дээр ирсэн нь бага байлаа. 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн өнөөх 24 дүгээр сургуулийн багаар жишээ авъя. Тэд хагас сая төгрөг авах байсан ч 355 мянга нь ирсэн. Дутуу 145 мянган төгрөгийнх нь 120 мянган төгрөг нь мөнгөн бус шагналынх нь зардал болж таарч, 25 мянган төгрөг нь татварт явсан юм билээ. Мөнгөн бус шагнал нь юу байсан гэвэл, гурван ширхэг бөмбөг байлаа. Захын спорт барааны дэлгүүрт ороход ширхэг нь 40 мянган төгрөг хүрэхээргүй тийм л бөмбөг. Урд хөрш найманд их явдаг хүн “70 юанийн бөмбөг байна шүү дээ” хэмээснийг бодолцвол 20 орчим мянган төгрөг болж байна билээ (Нэг юань 286 төгрөгийн ханштай). Тэмцээнд оролцохын тулд 1.5 сая төгрөг, басхүү мандатны мөнгө төлөөд, таван сарын турш зүтгээд, нэлээн их зардал гаргаад, улсын тэмцээнийх нь шигшээ тоглолтод үлдсэнийхээ дараа ийм л урамшуулал хүртэж байна.
“Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар бол Монголын хөлбөмбөгт нөлөө бүхий эрхэм. Монголын хөлбөмбөгт хийх юмаа хийсэн л хүн. Энэ оны төгсгөлөөр болох МХБХ-ны V их хуралд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа нь тодорхой. Тиймээс Монгол Улсын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнээс төрсөн сэтгэгдлээ бичихээ энэ хүрээд өндөрлүүлье. Хэрвээ цааш үргэлжлүүлэх аваас хэт нэг талыг барьсан болчих гээд байна.
Тэмцээний дүн:
Хөвгүүдийн 11 хүртэлх нас: 1. Тавдугаар сургууль 2. 28 дугаар сургууль 3. “Шинэ Монгол” сургууль, “Оюуны ундраа” цогцолбор сургууль
13 хүртэлх нас: 1. 26 дугаар сургууль 2. 14 дүгээр сургууль 3. Говьсүмбэр аймаг, Тавдугаар сургууль
15 хүртэлх нас: 1. Сэлэнгэ аймаг 2. Орхон аймаг 3. “Оюуны ундраа” цогцолбор сургууль, Баян-Өлгий аймаг
17 хүртэлх нас: 1. 92 дугаар сургууль 2. 24 дүгээр сургууль 3. 79 дүгээр сургууль, 72 дугаар сургууль
20 хүртэлх нас: 1. “Отгонтэнгэр” их сургууль 2. ХААИС 3. МУБИС, Орхон аймаг
Охидын 11 хүртэлх нас: 1. Хөвсгөл аймаг 2. Архангай аймаг 3. Сэлэнгэ аймаг
13 хүртэлх нас: 1. Өвөрхангай аймаг 2. “Амгалан” цогцолбор сургууль 3. “Буянт-Ухаа” цогцолбор сургууль, 14 дүгээр сургууль
15 хүртэлх нас: 1. 92 дугаар сургууль 2. 10 дугаар сургууль 3. Хөвсгөл аймаг, 58 дугаар сургууль
17 хүртэлх нас: 1. 41 дүгээр сургууль 2. Багануур дүүрэг 3. 10 дугаар сургууль, “Буянт-Ухаа” цогцолбор сургууль
20 хүртэлх нас: 1. “Мон-Алтиус” БТДС 2. МУБИС 3. МҮИС

0 comments:

Post a Comment